2017-02-10 15:49

"МӨНГӨН УЛААНБААТАР” ӨВЛИЙН СПОРТ НААДАМ

          Төв аймгийн нутагт байрлах Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор” энэ жилээс “UB Resort” цанын баазтай боллоо. /2017.02.04/ тус баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлт болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, өвлийн спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс цасны баярын арга хэмжээг зохион байгуулжээ.

                                                        

       “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот бол сэрүүн  бүсийн хот. Бид Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн зуны улиралд хүй долоон худагт наадам хийж цуглардаг биш жилийн 4 улиралд цуглаж, эрүүл агаар амьсгалж, үндэсний болон өвлийн спортыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус хүрэлцэн ирсэн байна.

        “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлтэнд олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа уригдан оролцлоо. Тэрбээр морьтон залуусаас бамбарыг авч нийслэлийн удирдлагуудад буухиалан хүргэсэн. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх оюутны шигшээ багийн тамирчин Д.Сумъяа нийслэлийн удирдлагуудтай өвлийн спортын бамбарыг асаалаа.

 

        Энэ удаагийн өвлийн спортын наадмын нээлтийн баярт нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон биеийн тамирын хамтлагаараа оролцсон 200 гаруй байгууллагын 10 мянга гаруй иргэд оролцжээ. Спорт наадмын нээлтийн дараагаар оны аваргуудыг шалгаруулах үеэр  “ДЦС-3 ТӨХК-ийн “СПОРТ ХАМТЛАГ”-ийг Нийслэлийн “ШИЛДЭГ ХАМТЛАГ”- аар шалгаруулж цом, өргөмжлөлөөр шагнагдав.  Наадмын үеэр “Жаргалтай Улаанбаатар” сэдвийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллагуудад өгч цас, мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулах байсан юм. Үүнд 56 байгууллагын 5600 гаруй ажилчид, албан хаагчид оролцож, шилдэг таван бүтээлийг шалгаруулжээ. Энэхүү цас, мөсний бүтээлийн уралдаанд Нийслэлийн хөрөнгө, оруулалтын газар бусдыгаа тэргүүлсэн бол Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын албаны хамт олны урласан бүтээл хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Энэ жил шинээр нээгдсэн “UB Resort” цанын баазад хамт олон, гэр бүлээрээ нэг өдрийг өнгөрүүлэх олон боломжийг нээжээ. Энд очсон иргэд цана, чаргаар гулгахаас гадна тэшүүрийн талбайд ч цагийг өнгөрүүлж болох юм. Мөн иргэдэд морин чаргаар аялах, цаа буга, шонхор шувуутай зургаа татуулах боломжуудыг ч олгож байгаа аж. Улаанбаатарчууд одоо Хүй долоо худагийг өвлийн цагт ч зорих боломжтой боллоо.

 

                                                                                         

                                                                                            СПОРТ ХАМТЛАГ

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК