2016-11-30 10:25

Цахим гарын үсгийн тухай ойлголтууд

       Тоон гарын үсгийн ойлголт Тоон гарын үсэг үүссэн үеэсээ стандартад бүрэн тулгуурлаж хөгжсөн. Стандартад тодорхойлсон энэ бүх арга, техник, байгууллагуудыг нийтэд нь нийтийн түлхүүрийн дэд бүтэц (НТДБ-PKI) гэдэг. Diffie-Hellman Key Exchange – Диффи-Хелман түлхүүрийн солилцоо гэж нэрлэгдсэн нийтийн түлхүүрийн арга, техникийг 1977 онд Стэнфорд- ын Их сургуулийн Whitfield Diffie болон Martin Hellman нар хөгжүүлсэн. Жилийн дараа RSA алгоритм гэж нэрлэгдсэн техникийг Массачусетсийн Технологийн Институт, Вейсманы Институтын Ron Rivest, Adi Shamir болон Leonard Adleman нар хамтран боловсруулж тоон гарын үсэгт оруулсан.

      Олон Улсын стандарт, Цахим Гарын үсгийн тухай хуулинд тодорхойлсноор “Тоон Гарын үсэг” гэдгийг “Цахим өгөгдлийг өөрчлөх хуурамчаар үйлдэхээс хамгаалах, баталгаажуулах, системд хөдөлбөргүй таньж баталгаажуулах зорилгоор хувийн түлхүүр ашиглан криптографийн хувиргалтанд оруулдаг. 

      Тоон  гарын үсэг нь өгөгдөл, баримт бичгийг илгээх, дамжуулах, хүлээн авах, ашиглах үед аюулгүй байдлыг бүрэн хангадаг. Тоон гарын үсгийг хэн нэгэн хүн хуурамчаар үйлдэх боломжгүй. Тоон гарын үсэг зурагч этгээд дараа нь өөрийн үйлдэл, гарын үсгээс татгалзах боломжгүй. Тоон гарын үсгийн Хос түлхүүр гэдэг нь Хоорондоо тоон хамааралтай дахин давтагдашгүй нийтийн болон хувийн түлхүүрийн хослолыг хэлдэг бөгөөд хувийн түлхүүрийг зөвхөн эзэмшигч этгээд чандлан хадгалж ашигладаг.

      Нийтийн түлхүүр нийтэд ил буюу Гэрчилгээ Олгогч Байгууллагын гэрчилгээний жагсаалтанд байрлана. Тоон гарын үсгийн гэрчилгээ (ТГҮГ) гэдэг нь Дахин давтагдашгүй хос түлхүүрийг эзэмшигч этгээд мөн болохыг Гэрчилгээ Олгогч Байгууллагаас баталгаажуулсан, эзэмшигчийн холбогдох мэдээлэл агуулсан баталгаажсан цахим баримт бичиг юм.

      Гэрчилгээг олон янзын зорилгоор, тухайлбал цахим системд хувь хүнийг таньж баталгаажуулах, аюулгүй домэйн үүсгэх, баримт бичигт тоон гарын үсэг зурах, нийтийн түлхүүрээр шифрлэгдэн ирсэн өгөгдөл, баримт бичгийг тайлж унших гэх мэтээр ашиглана. Тоон гарын үсгийн гэрчилгээ нь таныг цахим ертөнцөд хөдөлбөргүй баталгаажуулна.

      Тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглан э-засаг, э-бизнес, э-банкны гэх мэт аливаа онлайн үйлчилгээ, төлбөр тооцоо, худалдааны системд аюулгүй хандах, үйлчилгээ авах, тайлан,  албан бичиг хэрэгт ашиглах хүсэлтээ гарын үсгээрээ баталгаажуулан илгээх, цахим хэлцэл, гүйлгээ хийх боломжтой.

           Цахим гарын үсгийн тухай хуулийн дэлгэрэнгүй: http://www.legalinfo.mn/law/details/574

                               

                                                               ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

                                                                                                                                                                         Эх сурвалж : www.monpass.mn

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК